Home Шинээр элсэгчдэд

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН

ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ СУРГУУЛЬ

Монгол улсад ардчилсан үйл явц өрнөж нээлттэй шинэ гадаад бодлого явуулах болсноор олон улсын харилцааны үндэсний боловсон хүчин дотооддоо бэлтгэх шаардлага гарч ирсэн юм. Олон улсын харилцаа өргөжин хөгжиж шинэ хандлага, чиглэл бий болохын хирээр олон улсын харилцааны талаарх мэдлэг боловсролыг орчин үеийн түвшинд олгох, улам бүр өргөжиж байгаа гадаад харилцааны практик үйл ажиллагааг боловсронгуй болгох шаардлага тулгарч байгаа билээ.

Дэлхийн даяаршил, интеграц эрч хүчтэй явагдаж байгаа өнөөгийн нөхцөлд Монгол улсын эрх ашгийг хамгаалах, олон улсын харилцаанд Монгол улсын эзлэх байр суурийг бататгах, олон улсын харилцааны хөгжил, хэтийн төлөвт зохицсон гадаад бодлого, практик үйл ажиллагаа явуулж чадах чадварлаг боловсон хүчин бэлтгэх явдал МУИС-ийн ОУХС-ийн гол зорилт юм.

МУИС-ийн ОУХС нь 1991 оны 12-р сард байгуулагдсан. ОУХС нь бакалавр, магистр, докторын (Ph.D) сургалт явуулдаг.

Дэлхийн дал гаруй Олон улсын харилцааны Академи, Их, Дээд сургуулиудтай үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулж хамтран ажилладаг. Энэ нь  манай сургуулийн сургалтын хөтөлбөр, үйл ажиллагааг дэлхийн түвшинд гаргаж, уялдуулан зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Өнөөдөр ОУХС нь салбар мэргэжлээрээ улсдаа тэргүүлэх сургалт, эрдэм шинжилгээний төв болоод байна.

ОУХС нь Олон улсын харилцааны тэнхим, Олон улсын эдийн засгийн харилцааны тэнхим, Дипломат орчуулгын тэнхим гэсэн 3 тэнхимтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус сургууль оюутны бие даах төв, уншлагын танхим, компьютерийн лаборатори, Австрийн номын сан, Монгол-Солонгосын төв, англи, орос, хятад хэлний лингафоны кабинетуудтай.

ОУХС-ийн бакалаврын сургалт нь 4 жилийн хугацаатай бөгөөд нийт 128 багц цагийн хичээл ордог. Олон улсын харилцаа, олон улсын эдийн засгийн харилцааны мэргэжлээр бакалаврын зэрэгтэй боловсон хүчин бэлддэг.

Бакалаврын сургалтанд олон улсын харилцаа, олон улсын эдийн засгийн харилцаа, олон улсын эрх зүйн чиглэлээр заавал үзэх болон сонгон суралцах хичээлүүд ордог.

Бакалаврын сургалтанд хамрагдаж буй бүх оюутнууд англи хэлийг 1-4-р ангид заавал үздэг бөгөөд орос, герман, франц, япон, хятад, солонгос хэлний аль нэгийг 2-р ангиас сонгон үзэх бололцоотой.

Манай сургуулийг төгсөгчид Монгол улсын гадаад харилцаа эрхэлсэн төрийн ба төрийн бус байгууллагууд, ЭСЯ-ууд, олон улсын байгууллага, төсөл, гадаадтай хамтарсан аж ахуйн байгууллагууд, их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллага зэрэг нийгмийн өргөн салбарт хөдөлмөр эрхэлж байна. Мөн бакалаврын зэрэгтэй төгсөгчид дэлхийн олон оронд ахисан  шатны түвшинд үргэлжлүүлэн суралцах боломжтой.

Эрхэм хүндэт  оюутан, шавь нар аа! Олон улсын харилцааны мэргэжилтэн болох хүсэл эрмэлзэлдээ хүрэхийн тулд таны мэдлэг зөвхөн Монгол орон, гадаад хэлний мэдлэгээр хязгаарлагдахгүй, дэлхийн хэмжээнд сэтгэж, дэлхийн хэмжээнд харьцах өндөр соёл, өргөн мэдлэг, мэргэжлийн нарийн ур чадварыг эзэмшсэн байх ёстой. Энэ бүхний төлөө манай сургуулийн эрдэмтэн багш нар та бүхэнтэйгээ хамтран ажиллахад бэлэн байна.

Тус сургуулийн бакалаврын зэрэг олгох сургалтанд нийслэл болон аймгуудаас оюутан элсүүлэхэд БШУЯ-наас баталсан журам болон МУИС-д 2013 онд оюутан элсүүлэх журмыг (http//:www.num.edu.mn) тус тус баримтлана

Мэргэжил

70%

30%

Олон улсын харилцаа

Англи хэл

Монгол улсын түүх

Олон улсын эдийн засгийн харилцаа

Математик

Англи хэл

Та бүхний өмнө манай сургуулийн хаалга нээлттэй.

Холбоо барих утас: 354618, 77307730-5101, 5103

Сүүлд шинэчлэгдсэн ( 2013 оны 6-р сарын 27, Пүрэв гариг, 15:07 )  

Сүүлд нэмсэн мэдээ

Манай хамт олон